Share/Bookmark



Алтангадас сэтгүүл

Swatch цагны талаарх маш сонирхолтой бүхэн...  

Николас Ж.Хайекийн Оросын GQ сэтгүүлд өгсөн ярилцлага

- Ноён Хайек би таныг сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж эсвэл ямар нэг зүйлд зориулж цагаа өдөрт хэд хэдэн удаа сольж зүүдэг гэж сонссон. Яг одоо ямар цаг зүүсэн байна вэ?
- Юуны өмнө би танай сэтгүүлд хүндэтгэлээ илэрхийлье. Энэ бол миний амьдралдаа өгч байгаа 38.000 дахь ярилцлага. Энэ тоо намайг Европт хамгийн алдартай хүн болохыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Иймээс би Swatch группын цаг үйлдвэрлэдэг 18 фирмийн цагнуудыг сурталчилахдаа өөрийн нэр хүндийг ашигладаг. Ер нь өдөрт 2 юм уу 3 цаг зүүж заншсан. Өнөөдөр л гэхэд Swatch-ийн хамгийн анхны цагийг зүүсэн. Нэг музей намайг 18 мянган доллараар зараач гэж шаналгадаг юм. Яах юм бэ? Миний дансанд хэдэн доллар дахиад нэмэгдэнэ, харин энэ цаг бол ганц шүү дээ.

- Та урьд нь өөр фирмийн цаг зүүж байсан уу?
- Хэзээ ч үгүй. Харин та надад ямар нэгэн цаг санал болгож чадах уу?

- Та миний сонголтыг шоглох байх л даа?
- Тийм ээ. Хамаг учир нь бид Швейцарийн бараг бүх цагны үйлдвэрийг эд ангиар хангадагт байгаа юм. Бид Breitling-ийн бүх механизмыг хангадаг, Rolex-ийн бүх хаах тохиргооны зангилаанууд болон спиралийг хийдэг, мөн Patek Philippe, Officine Panerai ч манайхаас бүх механизмаа авдаг.

- Та бол цагны үйлдвэрлэл дэхь Наполеон бөгөөд Swatch-оор та цагны үйлдвэрлэлд “Францын хувьсгал”-ыг бий болгосон. Өмнө нь цаг бол зөвхөн хувийн тэмдэг байж, өвлүүлдэг байсан. Харин Swatch бол бүх нийтийн сонголтын эрх гэж хэлж болмоор. Та юу гэж бодож байна?
- Мөн харьцуулав аа. Наполеон Ватерлоод ялагдсан. Харин би хэнд ч ялагдаагүй шүү. Тэгэхээр Македонский дээр зогссон нь дээр байх. Харин үзэл бодлын хувьд, хэдийгээр Форбс сэтгүүл намайг дэлхийн хамгийн баян 150 хүний тоонд оруулсан ч би энгийн ардаараа үлдэх хүн. Харин улс төрийн хувьд бол би өдөөн хатгагч. Хэрэв төр засаг, улс төрийн намууд тэнэг зүйл хийвэл би тэднийг шүүмжилдэг. Канцлер Хельмут Колийн зөвлөх байхдаа ичиж зоволгүйгээр түүний алдааг хэлж өгдөг байсан.

- Коль, Ширак нар таныг сонсдог байсан уу?
- Сонсоно. Тэд ухаантай хүмүүс. Тэд намайг мэргэжилтэн биш, харин философич гэж хүлээн авдаг байсан. Би америк маягийн үйлдвэрийн эзэн биш, философич үйлдвэрийн эзэн. Илжгийг Зальцбургийн хөгжмийн сургуульд явуулаад ч Моцарт болохгүй. Хэн ч намайг энэ тал дээр ятгаж чадахгүй.

- Цагны үйлдвэрлэлд тэгээд олон илжигнүүд байна уу?
- Өнөөдөр Америк ч, Европ ч, үйлдвэрлэлийн бүх салбарууд нь инерцээрээ явж байна. Ямар ч шинэ соргог зүйл бодож олохгүй, сэтэхгүй, зүгээр л бизнес коллежуудад цээжилсэн томьёоллоо л удирдлага болгож байна. Дээр үеийн сургуулийн эзэд бол жинхэнэ зураачид, уран бүтээлчид байсан. Харин одоо тэд компанийхаа толгойд Харвард төгссөн нэг илжиг тавьчихаад, өөрсдөө ард нь навчин тамхиа татаад сууж байна. Утгагүй, муухай, хэрэггүй зүйлс үйлд¬вэрлэж дэлхийг хог новшоор дүүргээд л.

- Энэ Харвардын тэмээнүүд таныг юу гэж ярьдагийг та мэдэх үү?
- Тэд амжилтыг хүндэлдэг хүмүүс учир сайнаар ярьдаг. Миний баянд биш, эрх чөлөөтэйд минь тэд атаархдаг.

- Та өөрийгөө философич бизнесмэн гэлээ. Ямар сургуулийг нь төлөөлдөг вэ?
- Хэрэв надад гүн ухааны ямар зохиол нөлөөлсөн бэ гэвэл би Редьярд Киплингийн “Хэрвээ” гэдэг шүлгийг нэрлэх байсан.

- Таны Японтой хийсэн дайны ялалт руу эргэн орцгоое. Энэ ялалтанд чинь ямар нэгэн томьёолол бий юу?
- Энэ маш урт түүх. 1977-1980 онд Швейцарийн цагны үйлдвэрлэл дэлхийн зах зээл дээр байр сууриа алдаж байсан. Буруутан нь нэгэн швейцарийн физикч эрдэмтэн. Тэр Америкт ажиллаж байхдаа микросхемийг бүтээж, эдгээрийгээ холбоод анхны кварц цаг бүтээжээ. Кварц цагийн зүү секундэд нэг удаа хөдөлдөг бол механик цагных үргэлж хөдөлж байдаг. Тэгээд тэр энэ бүтээлээ швейцарьчуудад үзүүлсэн боловч урлагийн талаас нь ямар ч мэдрэмж харагдаагүй учир тоогдоогүй, ингээд дараа нь япончуудад үзүүлсэн. Япончууд мэдээж үүнийг швейцарьчуудыг ялах боломж, хувь тавилан гэж ойлгоод, үүнийг нь худалдан авч, “Бидний цаг Швейцарь цагнаас илүү зөв явдаг” гэсэн уриатайгаар орсон. Тэр үед швейцарийн үйлдвэрүүдийг тэмээнүүд удирдаж байсан юм. Швейцарийн хоёр том цагны компани нүд ирмэх зуур дампуурсан. Тэднийг банкууд худалдаж аваад япончуудад зарахаар бэлдэж байсан. Тэр үед би Засгийн газарт эдийн засгийн зөвлөгөө өгдөг зөвлөх байлаа. Намайг банкны эзэд урьж, Швейцарь дахиж хийж чадахгүй болсон, бараг бууж өгсөн гэсэн дүгнэлт бичихийг гуйсан. Би судалгааны үр дүнг сайн мэдэхгүй байгаа учир амлаж чадахгүй нь, судлаад илтгэе гэсэн. Тэгсэн тэд “За за, бүх юм ойлгомжтой” гэсэн. Үр дүн нь илт юмны шинжилгээг би хиймээргүй байна гэсэн. Хоёр долоо хоногийн дараа тэд надад дахиж “За яах вэ, та судлаач гэсэн. Бид судалья” гэхэд үр дүнг нь би телевизээр мэдээлье гэсэн. Тэгэхэд тэд ёстой үгүй гэхэд нь би дахиад татгалзсан. Энэ бүгдийн эцэст над дээр эргэж ирээд зөвшөөрсөн. Дөрвөн долоо хоногийн шинжилгээний үр дүнд учир явдал Швейцарь цагны үнэд биш, харин түүнийг удирдаж буй тэмээнүүдэд байна гэдэг нь тодорхой болсон.
Би 3 адил төрлийн цагны нэг дээр нь Швейцарьт, нөгөө дээр нь Японд, нөгөө дээр нь Хонг Конгод үйлдвэрлэв гэсэн бичиг бичсэн. Тэгээд дэлхийн зах зээлд 6000 ширхэгийг, Швейцарь цагийг 107, Японыхыг 100, харин Хонг Конгийнхыг 95 долларын үнэтэйгээр гаргасан. Бичгэндээ л ялгаатай гэхээс яг адилхан цагнууд шүү дээ. Италийн 99% нь, Швейцарийн худалдан авагчдын 97% нь швейцарь цагийг худалдаж авсан. Учрыг нь олтол тэр жил маш их жуулчид иржээ. Англид 70% , Нью Йоркод 62%, Японд 35% нь швейцарь цагийг авсан байлаа. Эцэст нь нийт худалдан авагчдын 63% нь швейцарь, 22% нь япон, 15 % нь Хонг Конг цагийг авсан байсан. Тэгээд цаашид эдийн засгийн тооцоо л үлдсэн. Бид японд цагны үйлдвэрийн цалингийн зардал 10.00 ам.доллар байгаад ч, үнэ нь 30 ам.долларын ялгаатай байгаад ч хүмүүс швейцарь цагийг авна гэдгийг баталсан. Бид цаашид стратегиа тодорхойлох, болосвруулах үлдсэн байлаа. Тэр үед дэлхийн цагны үйлдэрлэл жилд 1 миллиард бугуйн цаг үйлдвэрлэж байсны 950 сая нь 1-100 швейцарь франк, 42 сая нь 100-750, үлдсэн хэсэг нь 750 франкаас дээш өртөгтэй байсан. Тэгэхээр швейцарь япон руу хямд цагны салбарт дайралт хийх хэрэгтэй болсон. Ингэж swatch гэдэг нэр үүссэн түүхтэй.
Swatch бол цагийг нимгэн болгох Япон, Швейцарийн өрсөлдөөний дүнд бий болсон. Япончууд анх 4 мм зузаантай цаг хийхэд бид 3.5 мм зузаантайг хийсэн. Тэд 3мм болгоход бид дахин 2.5 мм болгосон. Эцэст нь бид 0.97 мм зузаантай цаг хийж чадсан. Бид ердөө л их биеийг үндсэн меха-низ¬мын нэг болгон ашигласан. Ингэснээр ердийн цагны 154 бүрэлдэхүүн хэсгийг 50 хүртэл нь бууруулсан. Банкны эзэд ч бидэнд дампуурсан компаниудыг худалдаж авах санал тавьж, зайгаа тавьсан. Энэ бүх тооцоо маш нарийн төвөгтэй санагдсан байх л даа. Гэхдээ энд нарийн төвөгтэй зүйл огт байхгүй. Би тенниснийхээ клубт очоод тааралдсан хөөрхөн охиноос “Чиний цаг хэдэн эд ангиас бүрдсэн байх нь чамд чухал уу?” гэхэд “Үгүй. Хамгийн гол нь зөв явдаг, гоёмсог, бас тийм ч үнэтэй биш байхад болно” гэсэн юм.
Бид бүх нийтийг уриалан дуудах ажлуудыг хийсэн. Франкфуртын банкны дээр “Swatch, Швейцарь, 60 дойч марк” гэсэн бичиг бүхий самбар хадсан. Өндөр чанар гэдэг нь швейцарь, хямд үнэ гэдэг нь 60 дойч марк, өдөөн хатгалт гэдэг нь энэхүү самбарыг Германы төв банкны дээр байрлуулах байсан юм. Гурван долоо хоногийн дараа германы бүх хүүхдүүд swatch-ийг мэддэг болсон. Ингээд swatch-оор мөнгө хийсний дараа omega хэмээх нэлээд өндөр үнэтэй цагны үйлдвэрийг банкнаас авах мөнгөтэй болсон. 1984 он гэхэд бид swatch-ийн цагийг жилд 27 саяыг үйлдвэрлэж, Seiko-гийн Ерөнхийлөгч өөрийн 30 инженерийн хамт Америкт ирээд тэндхийн хүмүүс дэлгүүрт swatch-ийг авахаар очерлож байхыг харсан. Тэд эндээс маркетингийн судалгаа авахаар ирж л дээ. Тэд хүмүүсээс “Та яагаад энэ цагийг авсан юм бэ?” гэж асуухад “Надад энэ жижигхэн улаан нь таалагдаж байна” гэж хэн нэг нь хэлснээс үүдэд Seiko жижигхэн улаантай цаг үйлдвэрлэсэн ч хэн ч аваагүй юм. Сүүлийн 25 жилийн түүх гэвэл ийм л байна даа.

- Францын зохиолч Мишель Уэльбек одоогийн барууны соёл иргэншилд ноёлж байгаа реклам сурталчилгаа хүнийг аз жаргалгүй болгож байна гэж үздэг. Реклам нь хүний дур хүслийг татах ямар нэг дүр төрхийг бий болгож, хүн энэ зүйлийг авсанаар компьютерээр хэвлэсэн, лакадсан шиг төгс төгөлдөр болчих юм шиг санаа төрүүлдэг. Реклам нь хөгшрөлт, үхлийг хүртэл үгүй болгож байх шиг?
- Би таны тэр Уэльбектэй санал нэг байна. Реклам амьдралд маш их эмгэнэлт зүйлсийг авчирч байна. Гэхдээ бид хэнийг ч хуураагүй. Swatch-ийн реклам бол ардчилсан. Brequet зэрэг маш үнэтэй цагны рекламанд бид сайхан төрхтэй модель тоглуулдаггүй. Зүгээр л бараагаа гаргаж харуулдаг. Omega цагандаа нэр хүндтэй хүмүүсийг оролцуулдаг. Үүнд ч гэсэн ямар ч хуурмаг зүйл үгүй. Бид тэднийг нүцгэлддэггүй, бид өөрсдийн гэсэн түүхтэй, онцгой зан чанартай хүмүүсийг сонгохоос биш зүгээр нэг амттай харагдах МАХАН МЭДРЭМЖИЙГ сонгодоггүй.

- Сүүлийн 2 жилийн үйл явдлууд (9-р сарын 11, Ирак дахь дайн…) худалдан авагчдын сэтгэл зүйд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг үү? Баян тансаг байдал үзүүлэхийг нийгмийн дээд давхарга ч буруушааж, даруухан аж төрөх үе болж байгаа юм биш үү?
- Би одоогийн ЕХ-ны Ерөнхийлөгч ноён Де Лорын үгийг санаж байна. Тэрээр Францын засгийн газарт сайд байхдаа намайг яаж Япончуудыг ялсан тухайд лекц уншихыг хүссэн юм. Тэрээр миний жишээгээр мөнгө гуйсан олон компаний төлөөлөгчдөөс өөрийгөө хамгаалсан. Тэрээр “Дараагийн дайн өрнө дорнын хооронд биш, харин умард өрнөдийн хооронд болно, өөрөөр хэлбэл баян ядуучуудын хооронд” гэж хэлсэн юм. 9-р сарын 11-нийг энэ дайны эхлэл гэж ойлгож болно. Энэ дайны шалтгаан нь шашин болон улстөр гэдэгт би итгэдэггүй. Энэ бол ердөө л телевиз, интернэт зэрэг мэдээллийн технологийн өндөр хөгжлийн уршиг. Зүгээр л, умардынхан хойд зүгийнхний хэрхэн сайхан амьдарч буйг мэдсэн юм. Гай гамшгийн төвийг зохиож олоод, түүнийгээ Ирак гэж бөмбөгдсөнөөр хямралыг шийдэхгүй. Энэхүү ялгааг арилгахыг, 3-р ертөнцийг 1-р ертөнцтэй ойртуулахыг л хичээх хэрэгтэй. Өөрөөр энэхүү умард өрнөдийн дайнаас зугатаж чадахгүй. Сайн бодох юм ирээдүйн дэлхийн засгийн газар швейцарчуудаас бүрдвэл сайнсан. Бид энд, швейцарт, хүн шиг амьдарч сурсан улс шүү дээ.

Николас Ж.Хайек Swatch цагийг зохион бүтээснээрээ Швейцарийн бууж өгөхөд бэлдэж байсан Японтой хийх “цагны дайн”-д ялсан юм.

 

 

Хуваалцах: