Share/Bookmark



Даяар.MN

Блог байхад дэлхийн хаана ч “хөлтэй” бас “хэлтэй”...  

Блог бол цахим хуудсан дахь таны “Өврийн дэвтэр“


Шинэ танил
Блог бол интернэт дэх хувийн тэмдэглэл юм. Өөрөөр хэлбэл таны санаа, үзэл бодлын цуглуулга цахим хуудаснаа байрласан тэр хувилбарыг блог гэж нэрлэдэг байна. Дэлхий нийт энэхүү блог хэмээх зүйлтэй тун саяхнаас танилцсан. Хөгжилтэй хэмээгдээд байгаа Америк, Япон, Франц, Герман зэрэг орнууд ч ердөө хэдхэн жилийн өмнө блогийн талаар мэдлэг багатай, хэрэглээний түвшин маш доогуур байж. Харин Жеймс Гаррет, Камерон Баррет нарын хүчин чармалтаар блогийн тоо 1999 оны үед ердөө 23 болж байсан нь тухайн үедээ л дээд амжилт байв. Улмаар иймэрхүү маягийн вэб хуудас сонрхогчдын тоо олширч дэлхий нийтээрээ ашиглах болжээ. Мэдээж блог бичигч хүнийг блоггер /blogger/ гэнэ.

 

Анхны үнэгүй блог
Маш олон сонирхогч өөрсдийг блогийг бий болгохыг хүсэж байлаа. Гэхдээ тэдэнд блог хөтлөн явуулж болохуйц сайтууд байгаагүй бөгөөд блог нь зөвхөн вэб хийж чаддаг хүний ажил байв. Энгийн HTML хуудсан дээр өөрсдөө нэг муухан дизайн хийдэг байсан бол 1999 оны 7-р сараас PITAS хэмээх үнэгүй хуудас, 8-р сард Blogger болон Groksoup зэрэг сайтууд мэндэлсэн. Эдгээр үнэгүй блог хөтлөн явуулах боломжийг олгодог сайтууд нь цаг хугацаа өнгөрөх тусам улам боловсронгуй болж, хэрэглэгчдийг блог дахь мэдээллээ шуурхай, дизайны хувьд сонирхолтой бичих нөхцөл бүрдсээр байв.

 

Блогийн давуу тал
Блог нь ихэнхдээ бичиж буй хүний бодол санааг агуулах бөгөөд ажилдаа явах замдаа бодсон бодол ч юм уу, амралтын өдрүүдэд хийх зүйлс, эсвэл хувь хүн болоод байгууллага, улс орны тулгамдсан асуудлын талаарх санаа гээд юу л бол юуны тухай бичиж болдог. Нийтлэлээ бичиж дууссаны дараа уншигчид сэтгэгдлээ үлдээх боломжтой. Энэ харилцаа нь илүү “амьд” байдгаараа онцлогтой. Мөн блог бичигчийн санаагаа илэрхийлэх тэр хэлбэрт ямар ч хязгаар байхгүй. Өөрөөр хэлбэл вэб нөхцөлд бичигдэх тул хаана ч явсан байнга шинэчилж, шинэ нийтлэл бичиж, эсвэл бодрол, эссе гэх мэтээр хэлбэр агуулгаа баяжуулж болно.

 

Блог ямар байх ёстой вэ?
Ихэнх блог өөрийн хэв маягтай байдаг. Энэ нь бичиж буй хүн өөрийн нийтэлж, өгүүлж буй санаагаа баталгаажуулж, итгэл төрүүлэхийн тулд гадны линк, холбоосуудыг ашиглаж болдог. Блог нь Нийтлэл бичих хэсэг ба Хэрэглэгч, Уншигчдын санал сэтгэгдэл үлдээх гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Гэхдээ блогууд хүнд хүрэх нь ч бий, хүрэхгүй нь ч бий. Гол нь бичиж байгаа хүн нь бодит амьдрал дээр болж байгаа үйл явдлуудыг өөрийн өнцгөөс харж сэтгэгдлээ үлдээхдээ тодорхой баримт, нотолгоогоор баталгаажуулах хэрэгтэй. Хэрэв хэрэглэгч хүсвэл нийтлэл бичигчээс хүссэн асуултаа асууж, хариулт авах боломж ч бий буюу “бодит” харилцааг үүсгэж чаддагаараа онцлогтой.

 

Блогийн чиг хандлага
Сүүлийн үед блог бичигчид олширч байгаагаас үүдэн чанарын асуудал их яригдах болсон. Хэдийгээр блог нь хүний сэтгэгдлийн “дэвтэр” боловч уншсан хүндээ үр өгөөжтэй байх нь зүй ёсны хэрэг юм. Тийм учраас шинээр блогтой бологсод түүнийг хэрхэн зөв горимоор явуулах вэ, яавал уншигчдад маань таалагдах бол зэргийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй. Тусгай төрлөөр ч юм уу, сэдвээр блог бичвэл уншигчдад хэрэгтэй байдаг.


Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гэрэл зурагчдын блогийг /http://www.perseus.com/blogsurvey/blogsurvey.html / хүмүүс их сонирхож байна. Учир нь тэдний авсан зургууд олон хүнд таашаал өгдөг аж. Мөн шинэ болон хуучин кинонууд, техник технологийн шинэ мэдээллүүдийг агуулсан блог ч бас үнэ цэнээ алдаагүй байна. Блог бичигч тухайн цаг мөчид болсон үйл явдал, хүний хэлсэн үг, үзсэн киноныхоо талаарх бодлоо сийрүүлснээр түүний ярих болон сэтгэх чадвар улам сайжрах агаад өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болно. Мэдээж интернэтээр түүний блогийг үзсэн маш олон хүний шүүмжлэлийг хүлээн авч, өөрийн байр сууриа хамгаалж чаддаг болох юм. Улмаар хэсэг хугацааны дараа өнгөрсөн цаг үедээ очих боломжийг блог бүрдүүлж чаддаг зэргээрээ онцлог юм. Хүний дотоод сэтгэлгээг бусад уншигчдад хамгийн бодит байдлаар хүргэж чаддаг учраас Япон болон бусад өндөр хөгжилтэй орны хүмүүс интернэтийн энэ хэлбэрийг олноор сонирхон, хэрэгжүүлж байна.

 

Та блогтой болохыг хүсвэл...
Интернэтийн Blogger.com, Blogspot.com, Pitas.com гэх мэтийн үнэгүй сайтуудыг ашиглан та өөртөө блог нээж болно. Ингээд ямар алхам хийхийг танд зөвлөе.

1. Та юуны өмнө www.blogger.com хаяг руу орж “CREATE YOUR OWN BLOG” гэсэн улбар шар товчийг дарна.
2. Дэлгэцэнд гарч ирэх хуудаснаас хэрэглэгчийн нэр, нууц үг, электрон шуудангийн хаяг зэрэг өөрийн тухай
мэдээллийг оруулах ба “Acceptance of Term” гэсэн чагтыг идэвхжүүлнэ.
3. Дараагийн хуудасны Blog title гэсэн хэсэгт өөрийн блог хуудасны гарчгийг бичиж оруулах бөгөөд доод цонхонд нь хэрэглэгчид ямар хаягаар орж үзэх вэ гэдгийг зааж өгдөг.
4. Энэ хуудсанд та өөрийн блогоо ямар дизайнтай байлгамаар байна гэдгээ сонгох болно. Өөрөөр хэлбэл өгөгдсөн
сонголтуудаас та хүссэнээ хийх боломжтой.
5. Ингээд таны блог амжилттай нээгдлээ.
6. Харин одоо таны бичих зүйлс л үлдлээ.

 

Хуваалцах: