Share/Bookmark



Улаанбаатар таймс сонин

“3D” зурагт худалдаанд гарна  

Алдарт “SONY” корпораци гэрийн нөхцөлд зориулсан цоо шинэ гэж болох 3D зурагтыг зургадугаар сарын 10-наас худалдаалж эхлэх гэж байна. 46 инчийн 3D зурагт 350 мянган иен буюу 3898 ам.долларын үнэтэй байх бөгөөд энэ нь “SONY”-гийн энгийн, хавтгай дэлгэцтэй зурагтаас даруй 52 хувиар үнэтэй юм.
Өнгөрөгч ням гаригт болж өнгөрсөн Оскарын наадмаас гурван шагнал хүртсэн “Аватар” мэт 3D кино сүүлийн үед багагүй амжилт дагуулж байгаа учир гэртээ тэдгээр киног техник, технологийн өндөр түвшинд үзэх сонирхолтой худалдан авагчид олширч байгаа нь 3D зурагтны борлуулалтыг өсгөх гол хүчин зүйл болж байна.


“SONY”-гийн 3D зурагтны хамт хоёр хос тусгай зориулалтын дуран бүхий нүдний шил дагалдах бөгөөд дурангийн мэдрэгч нь үзэгч хаана байгаагаас хамаарч дуу болон дүрсний чанарыг тохируулах гэнэ. Хэрэв нэмэлт нүдний шил худалдан авахыг хүсвэл нэг хос бүр нь 12 мянган иений үнэтэй байх аж.
Сүүлийн үед 3D буюу гурван хэмжээст дүрслэл хүчээ авч, энэ төрлийн кино, видео тоглоом ихээр гарах болж, мөн үйлдвэрлэгчдийн зүгээс 3D дэлгэцтэй зурагт зэргийг үйлдвэрлэх болсон билээ. Жишээ нь “Walt Disney”-н эзэмшилд байдаг “ESPN” телевизийн суваг энэ зунаас эхлэн 3D спортын хөтөлбөр нэвтрүүлэхээр болжээ. “SONY” корпорацийн зүгээс 3D зурагтны борлуулалтын дүнг урьдчилсан байдлаар тооцоолж, чамлахааргүй хэмжээний ашиг олно хэмээн төлөвлөж байгаа юм. 2010 оны дөрөвдүгээр сараас 2011 оны дөрөвдүгээр сар хүртэлх нэг жилийн хугацаанд 25 сая ширхэг LCD буюу шингэн болор дэлгэцтэй зурагт худалдаална гэсэн тооцоотой байгаа бөгөөд тэдгээрийн арав орчим хувь нь 3D зурагт байх гэнэ.
 

 

Хуваалцах: